"ЭРҮҮЛ ОЙ - ЭРҮҮЛ ХҮН" УРИАН ДОР ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА “ОЙН АРЧИЛГАА, ЦЭВЭРЛЭГЭЭ”

Админ
2023-04-28 16:13:16

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас "Эрүүл ой - Эрүүл хүн" уриан дор долоо хоног бүрийн бямба гарагт өглөөний алхалт зохион байгуулж байна. Олон нийтэд ой модны ач холбогдлыг ойлгуулах, мэдлэг нэмэх, хайрлах, хамгаалах сэдэл төрүүлэхийн тулд бид уг үйл ажиллагааг санаачлан ажиллаж байгаа юм.

Анхны алхалтаа 4 дүгээр сарын 1-ний өдөр оюутан залуусын алхалтын клубтэй хамтран Богд хан ууланд явуулж байсан.

Энэ удаагийн алхалт ирэх бямба гараг буюу 29-ны өдөр “Ойн арчилгаа, цэвэрлэгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Ойн арчилгаа гэдэгт ойн хэвийн өсөлт хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор моддын титэм нийлэх үеэс эхлэн үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтын нас хүртэлх хугацаанд модыг үе шаттайгаар огтлох арга хэмжээ хамаарна.

Ойн арчилгаа, цэвэрлэгээ хийснээр шигүү ургасан зулзаган ойд гэрлийн хэмжээг нэмэгдүүлж, модны өсөлт, хөгжилтийг түргэтгэх, тэжээлийн талбайг нэмэгдүүлэх, дунд насны модны өсөлтийг түргэтгэж, болцын насыг богиносгох боломжтой.

Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүчтэй салхи, их цасны нөлөөгөөр унасан мод, гишүү, мод бэлтгэлийн үлдэгдлийг ойгоос гаргах цэвэрлэгээний ажил гээд олон талын мэдээллийг ард иргэдэд түгээхийг зорьж байна.